Thursday, February 14, 2008

Татварын алба цахим тайлангийн системийг нэвтрүүлж эхэллээ.

Өнөөдөр манай төрийн байгууллагуудаас интернэтээр дамжуулан хэрэглэгчдэд бодитой үйлчилгээ үзүүлж буй байгууллага бол Монголын татварын алба. Тус албаны дэргэдэх Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын хэлтсээс татварын мэдээллийг боловсруулах цогц системийг боловсруулан үндэсний хэмжээнд нэвтрүүлэн ашиглаж, вэб сайтаараа дамжуулан татвар төлөгчдийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах, интернэтээр татварын тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан татварын мэдээллийн системийг нэвтрүүлэн цахим засаглалд шилжих алхмыг анхлан хийгчдийн нэг болох энэ хамт олны ажил үйлсийг, цаашилбал татвар төлөгч уншигч Танд хэрэгцээт мэдээллийг хүргэх зорилгоор Үндэсний Татварын Ерөнхий Газрын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтсийн дарга Д.Энхтуяатай хийсэн ярилцлагыг хүргэе.

Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Мэдээллийн систем нь танай байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг нь дамжиггүй. Иймээс ярилцлагаа татварын албанаас хэрэгжүүлж буй “Цахим тайлангийн систем”-ийн талаар эхэлье.
Үндэсний татварын алба нь нийслэл, дүүргийн хэмжээнд татвар төлөгчдөөс татварын тайланг цахим хэлбэрээр авах ажлыг нэвтрүүлээд байна. Бид цахим тайлангийн системийн бэлтгэл ажлыг хангаж ажиллан анх 2007 оны 4 сараас УТОХГ буюу том татвар төлөгчдийн албандаа нэвтрүүлсэн. Өнгөрсөн сард нийслэл, дүүргийн хэмжээнд НӨАТ-ын тайланг хүлээн авах ажлыг, энэ сараас НӨАТ-ын тайлангаас гадна ААНОАТ-ын тайлан, ХХОАТ-ын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг тус тус цахим хэлбэрээр авч эхэллээ. Түүнчлэн эдгээр тайлангуудын хавсралт 2 төрлийн тайланг цахим хэлбэрээр авч байна.
Татвар төлөгчид татварын тайлангаа цахим хэлбэрээр хэрхэн өгөх вэ?
Татвар төлөгч маань цахим тайлангийн системд нэвтрэхийн тулд харьяалагдах татварын албанаас системд нэвтрэх нууц үгийг урьдчилан авсан байна. Системд нэвтэрсний дараа нэвтрэх үгийг заавал солих шаардлагатай. Системд нэвтрэх үгийн нууцлалыг татвар төлөгч өөрөө хариуцах ёстой. Татвар төлөгч системд нэвтэрч холбогдох татварын тайлангаа шивж оруулсны дараа илгээх үйлдлийг хийснээр татварын тайлангаа татварын албанд ирүүллээ гэсэн үг. Улмаар татвар төлөгч цахим тайлангийн системээр ирүүлсэн тайлангаа гарын үсэг зурж баталгаажуулан дараагийн тайлант хугацаанаас өмнө татварын алба дээр ирүүлэх хэрэгтэй. Өдгөө манай улсад цахим гарын үсгийн тухай хууль эрх зүйн орчин бүрдээгүй тул дээрх байдлаар тайлангаа баталгаажуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Татвар төлөгчийн хувьд цахим тайлангийн системээр татварын тайлангаа ирүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
Юуны өмнө татвар төлөгч цаг хугацаагаа хэмнэнэ. Татварын алба руу заавал очих шаардлагагүйгээр татварын тайлангаа өгөх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нэг талаас татвар төлөгчид цаг хугацаа хэмнэх сайн талтайгаас гадна нөгөө талаараа татварын байцаагчийн тайлан хүлээн авах ажил хөнгөвчлөгдсөнөөр татвар төлөгч танд зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах хушацаа ихсэх юм. Татвар төлөгч өөрийн аж ахуйн нэгжийн татварын төлөгчийн бүртгэл болон бусад мэдээллийг өөрийн мэдээлэлтэй тулгаж болно. Одоогоор татвар төлөгчид зөвхөн тайлангаа өгөөд бусад боломжуудыг сайн судлаагүй байх шиг байна. Биднээс зөвхөн тайланг хэрхэн илгээх талаар их асууж байна. Иймээс татвар төлөгчиддөө манай системийн боломжуудыг майтар судалж ашиглаарай гэж хэлмээр байна.
Аливаа шинэ зүйлийг, тэр дундаа шинэ системийг нэвтрүүлэхэд хүндрэл гардаг. Та бүхэнд хэр их хүндрэл гарч байна? Татвар төлөгчийн зүгээс ямар саналууд тавьж байна?
Юуны өмнө татвар төлөгчдийн компьютерийн мэдлэгийн түвшин хангалтгүй байна. Файл нээх, татаж авах, хуулах зэрэг наад захын үйлдлүүд болон хэрэглээний энгийн программуудыг ашиглаж чадахгүй байгаад хамгийн гол хүндрэл байна. Бид боломжит бүх хэлбэрээр татвар төлөгчиддөө заавар зөвлөгөө өгч байна. Татвар төлөгчид маань гол төлөв утсаар зөвлөгөө авдаг. Энэ нь маш шуурхай хэдий ч зарим тохиолдолд бүрэн ойлголцохгүй асуудал гарах нь олонтаа. Иймээс ҮТЕГ-ийн мэдээллийн хэлтэс дээр татвар төлөгчдөд зориулж 3 компьютерийг ажиллуулж байна. Өнөөгийн байдлаар татвар төлөгчдийн хувьд интернэт холболтын асуудал ихээхэн хүндрэлтэй байна. Манай хэлтэст буй компьютерүүдийг ашиглан тайлангаа оруулах, зөвлөгөө авах боломжтой. Ер нь манай татвар төлөгчид маань цахим тайлангийн системд маш идэвхитэй хандаж сайн орж татварын тайлангаа ирүүлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Татварын алба цахим тайлангийн системийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг бүх талаар ханган ажиллаж байна. Гэвч бидний үйл ажиллагаанаас шууд бусаар хамаарсан, сүлжээ доголдох, , сүлжээ тасрах зэрэг хүндрэлүүд байна. Татвар төлөгчдийн зүгээс утсаар болон и-мэйлээр өгч байгаа саналууд бидний ажилд ихээхэн дэмжлэг болж байна. Бид цахим тайлангийн системийг улам боловсронгуй болгож, системийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажиллуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
Татвар төлөгчиддөө хандаж хэлэх таны үг?
Татвар төлөгч та бүхэн мэдээллийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж цахим татварын орчинг бий болгох ажлын хүрээнд хийж байгаа цахим тайлангийн системд сэтгэл шулуудан орно гэдэгт бид эргэлзэхгүй байна. 2007 оны 10 дугаар сарын 20-ны Бямба гарагт буюу амралтын өдөр зохион байгуулагдах татварын албаны “Нээлттэй мэдээллийн өдөр”-т татвар төлөгч та бүхэн хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна. Энэ үйл ажиллагааны үеэр аймаг, нийслэл, дүүргийн татварын албан дээр нэг цэгийн үйлчилгээ ажиллаж, та бүхний ирүүлэх татварын тайланг цахим болон нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авах болно. Хэрвээ та тайлан тушаах хугацаанаас хоцорсон бол энэ өдөр харьяалагдах татварын албаар үйлчлүүлж болно гэдгийг хэлмээр байна.

Үндэсний татварын алба веб сайтаас авав.
www.mta.mn

No comments: